Жил бүрийн 6 дугаар сарын 14-нийг “Дэлхийн цусны донорын өдөр” хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн, өнгөрүүлдэг болсон учир нь энэ өдөр хүний цусны бүлгийг анх тогтоож, Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнер төржээ. Монгол улс тус өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.
Энэ жил аймгийн Улаан Загалмайн хороо, БОЭТ-ийн цусны банктай хамтран “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриатайгаар тэмдэглэж, авлагагүй цусны донор, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаар иргэд, хөдөлмөрчдөд мэдээлж, олон мянган хүний алтан амийг аварсан ачтай доноруудаа алдаршуулж, тэдэнд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн юм.
Аймгийн хэмжээнд 2013 оны эцсийн байдлаар 546 донор байна гэсэн судалгаа гарчээ. Үүний 64 хувь нь байнгын идэвхтэн донор, үлдсэн 36 хувь нь шинэ залуу донорууд юм. Эдгээр донорууд цусны төвд жилд 260 гаруй литр цусыг төвлөрүүлж байгаагийн 65 хувь нь эмэгтэйчүүдэд зориулагддаг байна.
Сүүлийн жилүүдэд аваар осол, хорт хавдар, цусны өвчин ихээр нэмэгдэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага улам бүр ихэсч байгааг нөгөө талаас энэ нь эрүүл доноруудын тоо нэмэгдэхгүй байх шалтаг, шалтгаан болж буйг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Ямар нэгэн хүнд өвчнөөр өвчлөөгүй 17-60 насны хэн боловч цусны донор байж болох ба та хэн нэгэн эрдэнэт хүмүүнд халуун цусаа харамгүй өгч амь, насыг нь аварсныхаа төлөө өөрөө эрүүлжиж байдаг ажээ.