Монгол Улсын Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны А/251 дүгээр захирамж гарсан байна. Үүнд:
1.Орон нутгийн төсөвт байгууллага болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжиж буй төсөвт байгууллагуудын 2014 онд батлагдсан бараа үйлчилгээний урсгал зардлыг 20 хувиар бууруулах санал бэлтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Д.Нэмэхбаяр/-т даалгасугай.
2. Аймаг, сумын 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санхүүжилтийн 30 хувийг дараа онд шилжүүлэн олгохоор тооцон зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс /Ж.Санданжигмэд/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3. Төсөвт байгууллага бүр одоо байгаа орон тоог нэмэгдүүлэхгүй, сул орон тоонд томилгоо хийхгүй байх, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх замаар төсөв хэмнэж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
4.”Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган биелэлтийг тооцон дүгнэж сар бүр мэдээлж байхыг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нарт даалгасугай.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн