Тус суманд 2013 оноос туузан хөрөө ажиллуулж, хууль бус мод бэлтгэх иргэдийн тоо газар авч эхэлжээ. Тэрээр стандартын шаардлага хангаагүй газар хөрөө суурилуулах, эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлагыг үл биелүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон лац, тэмдгийг дур мэдэн авч ажиллуулдаг, модны тэмдэглэгээг хуурамчаар үйлдэж их хэмжээний мод ойгоос хулгайгаар захиалж, бэлтгүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараалан гаргасан нь шалгалтаар нотлогдсон байна.
Иймд дээрх хууль бус үйлдлүүдийг журамлах аймгийн Засаг даргын захирамж гарч, холбогдох хууль хяналтын байгууллага, агентлагуудыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж ажилласан аж.
Ингэснээр Бат-Өлзий суманд хууль бусаар туузан хөрөө ажиллуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, тавигдсан шаардлагыг биелүүлсний дараа зөвхөн мэргэжлийн байгууллагын, эрх бүхий 3 аж ахуйн нэгжийн туузан хөрөөг холбогдох журмын дагуу ажиллуулахаар болжээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зорилгоор баталсан “Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2014 оны 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын зүгээс цаашид хууль бус үйлдлийг дэвэргэж байгаа туузан хөрөөнүүдийг ажиллуулахгүй байх үүрэг чиглэлийг аймаг, сумдын холбогдох албан тушаалтнуудад даалгав.