Өвөрхангай аймаг нь байгалийн болоод түүх соёл, аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Тэр дундаа Орхоны хүрхээг зорих дотоод, гадаадын жуулчдын цуваа тасардаггүй.
Иймд Хүрхрээ орчмын нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаанаас болж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах, дэд бүтцийг сайжруулах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр БОНХЯ дээр хэрэгжиж буй “Монгол орны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг бэхжүүлэх нь МОН/10/302 төсөл"-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд Орхоны хүрхрээ орчимд 4.2 км хамгаалалтын зурвас тогтоох, хамгаалалтын хашаа барих, угтах орчин, авто машины зогсоол, отоглох цэг байгуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг тавих зэрэг ажлууд хийгдэх юм.
Тус ажлыг аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Байгаль орчны газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Бат-Өлзий сумын ЗДТГ, “Монгол орны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг бэхжүүлэх нь МОН/10/302” төслийн баг, Орхоны хүрхрээ байгалийн цогцолбор газрын Хамгаалалтын захиргаа хамтран хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хүрхрээ орчмын хамгаалалтын бүс буюу “Улаан шугам”-ыг нутгийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд, орон нутгийн удирдлагуудын саналыг харгалзан тогтоож, нийт 4.2 км газарт 3350 шонг суулгажээ. Ингэснээр хийгдэх ёстой ажлынхаа 50 хувийг нь хийж гүйцэтгээд байгаа аж.
Хүрхрээ орчмыг тохижуулах үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 21179.7 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Цаашид тус газарт хогийн цэг, бие засах газар, сүүдрэвч, вандан сандал, мэдээллийн самбар, замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.