Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Швейцар улсын мэс заслын эмч нарын баг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймагт ажиллалаа.
Тус багийг ахалж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэс заслын болон яаралтай тусламжийн зохицуулах төвийн захирал Б.Бат-Оргил, Швейцарын мэс заслын 5 эмч, мөн АШУИС-ийн мэс заслын тэнхмийн багш, мэдээгүйжүүлгийн эмч нар БОЭТ болон Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт ажиллажээ.
Дээрх эмч нар ажиллах хугацаандаа орон нутагт төдийлөн хийгдээд байдаггүй хүүхдийн эвэрхий, буугаагүй төмсгийг эмчлэх, түлэнхий, бамбайн мэс засал, насанд хүрэгчдэд цөсний чулууг дурангийн аргаар авах, хэвлийн том хэмжээний эвэрхийг эмчлэх зэрэг хагалгаануудыг орчин үеийн шинэ, дэвшилтэт аргыг нэвтрүүлж, эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн нийтдээ 52 мэс заслын эмчилгээг хийжээ. Мөн тухайн хийгдэж буй мэс заслын үйл ажиллагааны дүгнэлтийг хэлэлцэж, эмч, сувилагч нарыг чадавхижуулах сургалтыг өдөр бүр өгөхөөс гадна БОЭТ-ийн мэс засал, унтуулгын эмч нар, сувилагчид, сумдын эмч нарт “Яаралтай болон мэс заслын суурь тусламжийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулан, 60 гаруй эмч мэргэжилтнүүдийг хамруулжээ.