“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд “Залуусын элч” ТББ-аас санаачлан 300 залуусыг хамарсан флаш моб бүжгийг энэ сарын 20-ны өдөр хүүхэд, залуучуудын парк дахь ногоон талбайд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн юм. Тэрээр эрүүл, аюулгүй нийгэмд, эрүүл, аз жаргалтай гэр бүл, хамт олон, хүн ардыг бүрдүүлэхийн төлөө бусдыгаа манлайлж, уриалан дуудаж буй залуучууддаа талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Уг бүжигт төрийн албан хаагч 300 залуус өөрсдийн хүсэл зорилго, санаачлагаараа нэгдэж, нэгэн зэрэг бүжиглэсэн юм.
Флаш моб буюу нийтээрээ нэгэн зэрэг бүжиглэснээр хорт зуршлаас татгалзаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, найз, нөхдийнхөө хүрээг тэлэх, биеэ зөв авч явах зэрэг ач холбогдолтой байсныг залуусын төлөөлөл онцолж байв. Бүжгийн төгсгөлд залуучууд “Архидалтгүй Өвөрхангайн төлөө хамтдаа” хэмээн нэгэн дуугаар уриалж байлаа. Энэхүү ерөөл бат орших болтугай.