Аймгийн хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хурал хуралдлаа. Энэ удаагийн хурлаар оны эхний 6 сарын байдлаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хэлтэс агентлагууд хэрхэн шийдвэрлэж, барагдуулсан талаар үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн юм.
Тус төвийн 7032-1111 нээлттэй утсанд өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт 698 иргэн ханджээ. Үүнээс 369 иргэн гомдол, 142 иргэн санал, хүсэлт, 187 иргэн мэдээлэл авах зорилгоор холбогдсон тоон үзүүлэлт гарсан байна. Иргэдийн дийлэнх нь өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлийнхөө эрүүл ахуй, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой асуудлаар нээлттэй утсанд хандсан аж.
Өнгөрсөн жилийн өргөдөл гомдлын нэгдсэн дүнтэй харьцуулахад төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүйн хандлагатай холбоотой санал, гомдлууд харьцангуй багассаныг МШУТ-ийн дарга онцолж байлаа.
Аймгийн Засаг даргын зүгээс дээрх хугацаанд тодорхой шийдвэрлээгүй 12 асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов.
Хурлын төгсгөлд аймаг орон нутгийн цаг үеийн үйл ажиллагагааны талаар аймгийн Засаг дарга мэдээлэл өгөхөөс гадна “Баяр наадам”-ыг зохион байгуулах “Комисс”-д наадмын бэлтгэл ажлыг сайтар хангах, мөн ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын ажлыг зохицуулж, баяр наадмын бэлтгэл ажилд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхийг хэлтэс, агентлагуудын дарга нарт даалгалаа.