Иргэдийн эрүүл байх идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох, эрүүл иргэнийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх Хангайн бүсийн сургагч багшийг бэлтгэх сургалт 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн эмнэлгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтын үйл ажиллагааны нээлтэд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл Р.Наранцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа нар оролцлоо.
Сургагч багш бэлтгэх сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын секторын эрхлэгч АУ-ны доктор Ж.Батжаргал, Зан үйл судлалын секторын эрхлэгч АУ-ны доктор П.Энхтуяа, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн эмч Б.Тэгшжаргал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Жаргал нар удирдан зохион байгуулж, иргэн бүрийн заавал хэвшүүлэх 21 дадлын сэдвээр мэдлэг олгон, сургалтын модуль, CD хичээл, гарын авлагаар хангалаа. Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийнхаа сум, өрхийн эмч нарыг мэргэжил, арга зүйгээр хангаж, улмаар орон нутгийн оршин суугч хүн амд чиглэн, иргэн бүрт хүрч ажиллах ажээ.