Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, өнгөрөгч сард хийж гүйцэтгэсэн, ирэх сард хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдэд цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг өгөхөөс гадна тэдний сонирхсон асуултанд хариулдаг уламжлалтай.
ИТХ-аас өнгөрөгч сард ажлын хэсэг байгуулагдаж Уянга, Зүүнбаян-Улаан сумдад алт олборлох үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, Хужирт суманд үйл ажиллагаа явуулж байгаа ус, рашаан ашиглагч ААН, байгууллагуудад хяналт шинжилгээ хийсэн, мөн Бат-Өлзий, Хархорин, Арвайхээр сумын 30 гаруй хүнсний дэлгүүрт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн чанар, хадгалалтанд хяналт, шалгалт хийжээ. Өнөөдрийн уулзалтаар ИТХ-ын дарга Г.Ганболд дээрх газруудад шалгалтаар илэрсэн зөрчлүүд болон түүнийг арилгахад гаргаж буй шийдвэрүүд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймаг, орон нутагт хийгдэж байгаа их засвар, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр баяр наадмаас өмнө Намнансүрэнгийн гудамжны 870м авто замын ажил, Өндөрлөгийн их засвар, Дэлгэрэх голын эхэнд хөв байгуулах ажлуудыг наадмаас өмнө хийж дуусгах юм байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад их засвар, бүтээн байгуулалтын ажил харьцангуй хурдацтай хийгдэж байгааг аймгийн Засаг дарга онцолж байсан юм. Хөрөнгө оруулалт, их засварын ажлыг 8 дугаар сард багтааж дуусгах зорилготой аж. Энэ сардаа багтааж 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалт, их засваруудын жагсаалтыг гаргана гэлээ.
Эцэст нь аймаг, сумдын баяр наадмын бэлтгэл ажил, Их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь өгөх, МСҮТ-ийн 40 жилийн ой, “Сарлагын баяр”, “Эсгийний баяр”, “Уртын дууны уралдаан” зэрэгтэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгөв.