Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь уламжлалт “Сарлагийн наадам” юм. Энэ онд 9 дэх жилтэйгээ учран золгож буй уг наадам Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар 7 дугаар сарын 23-ны өдөр болно.
Энэхүү арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготой аж.
Сарлагын наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж тус яамны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, аймгийн Засаг даргын Тамгын газар, Бат-Өлзий сумын ЗДТГ, аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна.