Монголын ард түмний хэдэн зуунаар дуулагдан хойч үед өвлөгдөн үлдсэн биет бус өв болох уртын дуу, түүний дотор төв халхын уртын дууны аялгуу, хөг, дэгийн уламжлалыг сурталчилан, түгээн дэлгэрүүлэх, нутаг нутгийн соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчдыг алдаршуулах, Монгол Улсын биет болон биет бус өв соёлыг дотоод, гадаадын жуулчдад сурталчилах зорилгоор тус наадмыг зохион байгуулж байгаа аж.
Төв халхын уртын дууны анхдугаар наадмыг аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх ССАЖГ хамтран Хархорин сумын нутагт орших Эрдэнэ-Зуу музейд 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Уг наадамд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Төв, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн шилдэг уртын дуучид оролцох юм.
Уралдаан 18-35, 36-55, 56-аас дээш гэсэн 3 насны ангиллаар 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд мартагдсан буюу нутгийн онцлогийг харуулсан 1 дуу, өөрийн урын сангаас 1 дууг сонгон дуулж, 2-р шатны шалгаруулалтад айзам уртын дуу дуулж өрсөлдөх юм байна.