“Хангайн бүсийн түншлэл 2014” үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд нийт таван аймгийн 98 аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид аймаг, орон нутагтаа төдийгүй улсдаа брэнд болсон бүтээгдэхүүнүүдээрээ оролцсон юм. Хангайн бүсийн шилдэг 16 номинациар орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан тус үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгаас нийт 13 бизнес эрхлэгч оролцож шилдэг бүтээгдэхүүнээр “Арвайн дэвшил” ХХК-ны өнгөлгөөний тоосгон бүтээгдэхүүн, гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Л.Мягмарын арьсан бүтээгдэхүүн, байгалийн органик бүтээгдэхүүнээр Уянга сумын ”Уянга” сүүний үйлдвэр, Импортыг орлох бүтээгдэхүүнээр “Мон-Угалз” ХХК тус тус шалгарлаа.
Үзэсгэлэн худалдааны гол ач холбогдол нь бизнес эрхлэгчдийн уялдаа холбоо, харилцааг сайжруулах, улмаар тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олонд хүргэх зорилготой бөгөөд өдгөө 12 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа аж. Түүнчлэн Хангайн бүсийн 6 аймаг жил, жилээр ээлжлэн өөрийн орон нутагтаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жилийн үзэсгэлэн худалдааг Орхон аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.