Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93 жил, аймаг байгуулагдсаны түүхт 83 жилийн ойн баяр наадам энэ сарын 10, 11-ний өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа товлосон цагтаа эхлэхэд төв цэнгэлдэхийн суудал үндэсний дээл, хувцасаараа гоёсон наадамчин түмнээр дүүрсэн байв.
Нээлтийн арга хэмжээ 9 хөлт цагаан тугыг наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр залж, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн наадамчин олонд хандаж баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлснээр эхэлсэн юм. Үүний дараагаар цэрэгжсэн байгууллага, албан байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал, урлаг соёлын арга хэмжээ үргэлжиллээ.
Энэ жилийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны нэг онцлог нь “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг дэмжих, ард иргэдэд сурталчилах зорилгоор албан байгууллагуудын ажилтан залуучууд нэгдэж нэгэн зэрэг бүжиглэсэн явдал байлаа.