Дэлгэрэх гол нь 2.8 км урттайгаар Арвайхээр хотын дундуур урсдаг бөгөөд сүүлийн жилүүдэд усархаг бороо ихээр орсны улмаас голын голдирол үерийн нөлөөгөөр өөрчлөгдөн эвдэрч, ойролцоох гэр хорооллын айл өрхүүд үерт автах аюул нүүрлээд байгаа билээ. Иймд аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт Усны нөөц, булаг шандны эхийг хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм барих ажлыг эрчимжүүлж “Дэлгэрэх гол” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тусгагдсан.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Арвайхээр хотын төвөөс баруун хойш 5 км зайд орших Дэлгэрэх голын хөндийд үерийн урсацыг хуримтлуулах, хор уршгийг багасгах, тэжээгдлийг нэмэгдүүлэх зорилгоор 11.6 метрийн өндөртэй 53732,0 м3 ус хуримтлуулах хөвийн бүтээн байгуулалтын ажлыг “Онги-Ээж” ХХК энэ оны 4 дүгээр сараас эхлэн 3 сарын хугацаанд барьж гүйцэтгэлээ. Энэхүү хөвийг хот, суурин газрын дээр барьж байгаа нь манай улсанд анхны тохиолдол хэмээн усны мэргэжилтнүүд онцолж байсан юм. Дэлгэрэх голын тэжээгдлийг нэмэгдүүлэх зорилгоор үерийн ус хуримтлуулах 2-3 хөвийг байгуулах юм. Уг голын голдрилыг шулуутгах зорилготой 2 дахь хөвийн зураг төслийг боловсруулах ажлын гэрээ хийгдэж байна.