Соёл, спорт аялал жуулчлалын яам ивээн тэтгэж, “Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, ДМД-Монгол ХХК “Урса Мажор жуулчны бааз”, Мондижитал ХХК “Талбиун жуулчны бааз” хамтран “Монгол эсгий урлалын баяр”-ыг Хужирт сумын 2 дугаар багийн нутагт Орхоны хөндийн “Хүрэмний үзүүр” хэмээх газар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал "Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ш.Батшугар зэрэг албаны хүмүүсээс гадна Улаанбаатар, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн эсгий, эсгий эдлэлийн гар урлаачид, аялал жуулчлалын тур оператор компаниуд, жуулчны баазууд, гадаад дотоодын жуулчид, нутгийн иргэд зэрэг нийт 500 гаруй хүн оролцлоо. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн жуулчид эсгийгээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж, сонирхохын зэрэгцээ өдрийн туршид зохион байгуулагдсан бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцсон нь онцлог байлаа. Мөн энэ үеэр Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, хурдан дааганы уралдаанд 20 шанадаст хүлэг тоосоо өргөлөө. Эсгийний баярт оролцогчдоос Үндэсний хувцастай хамгийн сайхан хос, үндэсний хувцастай хамгийн сайхан залуу, үндэсний хувцастай хамгийн сайхан бүсгүй, үндэсний хувцастай хамгийн хөөрхөн хүүхэд, хамгийн идэвхтэй оролцсон гадаадын жуулчин, нутгийн иргэдээс идэвх, санаачлагатай ажилласан 3 айлыг тодруулж, шагнаж урашуулав. Монгол улсын үндэсний брэнд болох эсгий, эсгий урлалын уламжлалыг сэргээх, олон нийтэд сурталчилан таниулах гол зорилготой Монгол эсгий урлалын баяр өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм.