Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь уламжлалт “Сарлагийн наадам” юм. Энэ онд 10 дахь жилтэйгээ учран золгож буй уг наадам Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар 7 дугаар сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.Тус арга хэмжээнд Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготой аж. Сарлагын наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцохоос гадна Архангай, Баянхонгор аймгуудаас баг тамирчид зохион байгуулалттайгаар ирж оролцсон нь энэхүү наадам жил ирэх бүр өргөжиж буйн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Мөн Сарлагийн наадмыг үзэж сонирхохоор гадаад, дотоодын 600 гаруй хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчид байв.
Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.