Арвайхээр хотыг баруунаас нь нөмөрлөн оршсон тус уулан дээрээс аймгийн төвийг алган дээрээ тавьсан юм шиг тольдон харах боломжтой. Цэвэр агаарт гарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, Өвөрхангай аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай танилцах зорилгоор нутгийн иргэд, зочид, гийчид энэ уулыг зорих нь олонтой байдаг.
2014 оны ОНХС-аас 97.833.204 төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг танилцуулах “Өндөрлөг”-ийн их засварын ажлыг “Офис Сервис” ХХК хийж гүйцэтгэлээ. 405 метрийн өндөртэй энэхүү уулын орой хүртэл нь 274 гишгүүр бүхий шат, түүнийг дагасан гэрэлтүүлэг, иргэдийн амрах, суух ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс дунд болон дээд хэсэгт нь сүүдрэвч, сандал, хогийн савыг байрлуулжээ. Мөн уулын оройд 18 тонн байгалийн гантиг чулуугаар “Буга, согоо, янзага”-ын хөшөөг урлаж, сийлбэрлэсэн байна.