• Албан ёсны цахим хуудас
Оюутан, залуучууд түр ажлын байраар хангагдаж байна

          Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих хөтөлбөрийг өнгөрөгч 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. 2014 оныг аймгийн хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан оюутан, залуучуудыг энэхүү хөтөлбөрт олноор хамруулж, түр ажлын байраар хангах зорилготой аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд 18-35 насны оюутан, залуучуудыг өвөлжөө, хаваржаа барих, хадлан тэжээл хураах, жишиг гудамж байгуулах, явган хүний зам тавих зэрэг түр ажлын байраар хангаж ажиллаж байгаа юм. Энэ сарын 1-нээс Намнансүрэгийн гудамжинд явган хүний зам тавих,  Арвайхээр сумын 11 багийн 6800 хашааг нэг өнгөөр будаж, хашааны хаалган дээр нь хээ тавьж, жишиг гудамж байгуулахаар нийт 375 оюутан, залуус ажлаа эхлүүлжээ. Харин 8 дугаар сарын 20-ноос малчдад хадлан, тэжээл бэлтгэхэд туслах 110 оюутан, залуус ажилдаа гарах ба Хархорин, Гучин-Ус, Богд, Өлзийт, Нарийнтээл сумдад 115 оюутан, залуус  жишиг өвөлжөө, хаваржаа барьж байна. Оюутан, залуучууд 21 хоногийн хугацаанд ажиллаад 200.000 төгрөгийн урамшууллыг авах ажээ.

2014-08-05 21:20:43