Аймгийн хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр хуралдлаа. Уламжлалт ёсоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд иргэдийн зүгээс ирүүлсэн санал, гомдол болон цаг үеийн шинжтэй ажлуудын талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн хугацаанд 7032-1111 утсанд давхардсан тоогоор нийт 143 иргэн ханджээ. Үүнээс 41 иргэн мэдээлэл авах зорилгоор холбогдсон бол 102 иргэн санал, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс төв бараан захын ажил, үйлчилгээтэй холбоотой, эмч ажилчдын харилцаа, хандлага тааруу байгаа талаар, гэрлийн байцаагчид дуудлага өгөхөөр ирдэггүй, тоолуурын заалт харахгүй цахилгааны төлбөр бичдэг зэрэг гомдлууд дийлэнх хувийг эзэлжээ. Мөн сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаатай холбоотой иргэдийн зүгээс мэдээлэл авах зорилгоор ихэвчлэн хандсан аж.
Дээрх санал, гомдлуудаас шийдвэрлэгдээгүй асуудлуудыг даруй барагдуулахыг аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Улмаар төв суурин газар болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах асуудал дээр албан газрын дарга нарыг онцгой анхаарах, төсвийн хэмнэлтийн горимд шилжсэний дагуу 30 хувийн хэмнэлтийг байгууллага бүр тооцож төсвөө зарцуулах, 7032-1111 утсанд ирж байгаа асуудлууд дээр хариуцлагатай хандаж, асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх, зуны амралтын цалгардсан байдлыг зогсоож, албан хаагчдаа ажилдаа шуурхай оруулахыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлтэс албадын дарга нарт үүрэг болгов.