Орон нутгийн хөгжлийн сангийн 1 349 999.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар Намнансүрэнгийн нэрэмжит гудамж буюу БОЭТ-ийн баруун талд шинээр 870 м зорчих хэсгийг үерийн далан, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт “Тэлмүүн Холдинг” ХХК 2014 оны 4 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл барьж гүйцэтгэжээ. Тус зам баригдсанаар Намнансүрэнгийн гудамж тээврийн хэрэгсэл зорчих 2 урсгалтай авто замтай болж байгаа юм. Шинээр тавигдсан 870 м авто замын зорчих хэсэг 8 метр, явган хүний замын зорчих хэсэг 3 метрийн өргөнтэй бөгөөд замын 2 талаар үерийн далан байгуулж, 4 ширхэг гүүрэн гарц мөн 22 ширхэг замын гэрэлтүүлгийг шийдэж өгчээ. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн 939 194,3 мянган төгрөгийн хөрөнгөөр 1 дүгээр сургуулийн арын уулзвараас 4, 8 дугаар багийн чиглэлд 793 м авто зам, гэрэлтүүлэг, үерийн далан, явган хүний замын ажил 60 хувьтай хийгдэж байна.