2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 508 тоот өрөөнд хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хурал хуралдлаа. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд ирсэн иргэдийн санал, хүсэлт гомдлын шийдвэрлэлт болон аймаг, орон нутгийн цаг үеийн холбогдолтой ажлуудын талаар хэлэлцэв.
Өнгөрсөн 7 хоногт 7032-1111 нээлттэй утсанд давхардсан тоогоор нийт 40 иргэн хандсанаас гомдлын шинжтэй 22, санал хүсэлтийн шинжтэй 5, мэдээлэл лавлагаа авах зорилгоор 13 иргэн холбогджээ. Гомдол гаргасан иргэдийн дийлэнх хувь нь эрчим хүч, төв бараан зах, БОЭТ-тэй холбоотой гомдлыг гаргасан бол сургууль цэцэрлэгийн бүртгэл, татварын хөнгөлөлтийн талаар мэдээлэл авах зорилгоор хандалтууд ирсэн хэмээн МШУТ-ын ажилтан танилцууллаа.
Аймгийн Засаг даргын зүгээс хэлтэс, албадын дарга нарт цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, холбогдох үүрэг даалгаваруудыг өгсөн юм. Үүнд “Өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд малын тоо толгой өсч 4.7 саяд хүрсэн ч махны үнэ өндөр байгаа. Иймд мал, махны үнийг бууруулах зорилгоор амьд малын худалдааг явуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ жил Арвайхээр хотод 417 айлын орон сууц шинээр баригдаж байгаагын 300 орчим нь ондоо багтаж ашиглалтанд орно. Үүнийг дагаад зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Баянтээг ХХК 123 000 тонн нүүрс гаргаж авах хэмжээний хөрс хуулалтын ажлыг хийсэн, нүүрсний хувьд чанар сайтай, хангалттай хэмжээтэй байгаа” зэрэг мэдээллийг өгсөн юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд байгууллагуудыг дулааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй байгуулах гэрээндээ жижиг оврын цахилгааны эх үүсвэртэй байхыг тусгаж өгөх нь зүйтэй, учир нь байгаль цаг уурын нөлөөнөөс шалтгаалж тог удаан хугацаагаар тасарвал дулааны систем хөлдөх аюултай гэлээ. Эцэст нь байгууллагуудыг дулаан халаалтаа авах хугацаагаа даруй мэдэгдэхийг үүрэг болголоо. Ямартай ч эхний ээлжинд сургууль цэцэрлэгийн халаалтыг өгч, дараагаар нь орон сууцны халаалтыг өгөх юм байна.