Энэ жилийн хувьд нийт нутгаар бороо, хур эрт орж зуншлага сайхан болсон ч баяр наадмаас хойш ихэнх нутгаар тэр дундаа Баянгол, Сант, Төгрөг Гучин-Ус Богд зэрэг сумдад бороо ороогүй улмаас бусад сумдаас илүү гандуу байгаа аж. Эдгээр гандуу байгаа сумдад өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байна. Мөн аймаг, сумдын удирдлагууд, малчдын санааг зовоож байгаа нэг зүйл бол бэлчээрийн ургацанд сөргөөр нөлөөлдөг үлийн цагаан оготно юм. Есөнзүйл, Өлзийт, Хужирт, Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар үлийн цагаан оготно элбэг байгаа бөгөөд механик буюу гар аргаар устгаад үр дүнд хүрэхгүй байгааг сумдын дарга нар учирлаж байлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэд хэдэн чиг үүргийг сумдын удирдлагуудад өгсөн юм. Үүнд 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний хооронд бүх багуудын ИНХ-ыг зохион байгуулж, МАА өвөлжилтийн тухай асуудлуудыг хэлэлцэх, сум, аймаг дотроо болон отрын бүс нутагт нүүх, оторлох өрхүүдийн судалгааг гаргах, мал, мах борлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, үлийн цагаан оготнотой тууштай тэмцэх, Төв суур газрын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой бүх сумдыг бага оврын цахилгааны дезильтэй болох, 11 дүгээр сарын 1-ний дотор багтааж нүүрс нөөцлөлтийн ажлыг сайтар хийх зэрэг өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр үүрэг даалгаварууд өгөв.
Мөн улсын төсвийн орлого тасалдаж, эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Сангийн яамнаас аймгуудад өгдөг татаасын хэмжээг эрс бууруулсан, Орон нутгийн хөгжлийн санг 3 тэр бум төгрөгөөр санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдэгдэл ирүүлжээ. Иймд жилийн эцсээр аймаг, орон нутгийн төсөв хүндэрч болзошгүй байгаа учир урсгал зардлыг хэмнэх, нөгөө талаас орлого олох боломжтой зүйлд онцгой анхаарахыг санууллаа.