• Албан ёсны цахим хуудас
Уриалга

                                                                                                                          Уриалга                                                                                                               

                Өвөрхангай аймагт сүүлийн 2 жил дараалан цаг агаарын таатай нөхцөл бүрдэж, мал сүрэг нь таван төрөл бүр дээр өсч, энэ оны байдлаар 1292.2 мянган төл мал бойжуулж нийт малчид, мал бүхий иргэдийн нөр их  хөдөлмөрийн үр дүнд 4.7 сая мал зусч, намаржин  2014-2015 оны өвөл, хавартай  золгох гэж байна. Энэ жилийн хувьд нийт нутгаар бороо хур эрт орж зуншлага сайхан болсон боловч сүүлийн саруудад хурын хэмжээ татарч 2014 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь нь  хэвийн, 30 орчим хувь нь гандуу байгаа аж.

             2014-2015 оны өвөл хүйтэн болох төлөв ажиглагдаж буйг Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдэгдэж байгаа юм. Байгаль цаг уур хүйтэрч, хүндхэн өвөл тохиовол малчдын аж амьдрал, цаашлаад аймаг, орон нутгийн эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн юм. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажилд малчдын хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх, тэдний хангдлагыг өөрчлөх зорилгоор нийт малчид, мал бүхий иргэд, айл өрхүүдэд МАА үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөн хэвшил болгох зорилгоор дараах уриалгыг гаргажээ. Тус уриалгын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахын сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

1. Отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авхуулан, мал сүргийнхээ дундаас доош тарга хүчтэй малыг нэмэгдэл тэжээлд оруулах, мал, махаа борлуулан эргэлтэнд оруулах ажлыг өөрсдөө болон орон нутгийн дэмжлэгтэй хамтран зохион байгуулах

2. Малчин бүр өөрсдийн өвөлжөө, хаваржааны засвар үйлчилгээ, дулаалгыг чанартай сайн хийж, хашаа хороондоо ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, өтөг бууцыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлсэн байх

3. Өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ базаан дулаан хувцас, түлээ нүүрс, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлсөн байх

4. Орон нутгийнхаа онцлог, өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол, таана, хөмүүл, халгай сүрэл, үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр  гар тэжээл бэлтгэж  заншил болгох

5. Малчин хүн бүр өөрийн эзэмшилд байгаа өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг хамгаалах зорилгоор бэлчээрийн хортон, мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг байгальд халгүй энгийн механик аргуудыг өргөн хэрэглэж өөрсдөө гардан зохион байгуулж ажиллах шаардлагатай байна

Өвөрхангай аймгийн нийт малчид, мал бүхий иргэддээ өвлийг өнөтэй давж, тарган тавтай өвөлжиж, хаваржихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр Хөдөө аж ахуйн газар

Арвайхээр хот 2014.08.28

2014-08-28 07:50:29