• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймаг урт хугацаанд баримтлах “Эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг” боловсруулж байна

Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах тухай 2014 оны үндсэн чиглэлд тусгагдсан. Үүний үндсэн дээр МУИС-ын Эдийн засгийн сургуультай хамтран судалгааны баг ажиллаж байна. Өмнө нь 2007-2015 оны хөгжлийн бодлогын баримт бичгийг төрийн албан хаагчдын хүчинд тулгуурлан боловсруулж байсан бол энэ удаа мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн туршлагатай баг аймгийн эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн гарцыг шинжлэх  ухаанчаар судалсны үндсэнд боловсруулах гэж байгаагаараа онцлог юм.

Тус баримт бичгийг боловсруулснаар Өвөрхангай аймаг урт хугацаанд баримтлах эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох юм байна. Харин өнөөдөр МУИС-ын Шинжлэх Ухааны сургуулийн профессор Ч.Хашчулуунаар ахлуулсан судалгааны баг манай аймагт ажиллаа. Тэрээр аймгийн зах зээлийн багтаамж, айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан судалгааны дүнг танилцуулах, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн санал бодол, дуу хоолойг сонсох, санал солилцох зорилгоор хүрэлцэн ирсэн аж

Цаашид Өвөрхангай аймаг хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр жуулчлал, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр хөгжих нөөц боломж, давуу талууд байгааг уг судалгааны эхний шатны үр дүн харуулж байна. Эдгээр боломжид үндэслэн аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, ирэх 11 дүгээр сард аймгийн ИТХ-аар батлуулахаар ажиллаж байгаа юм байна. 

                                                                                                                                                                                                                                                                                            

2014-08-31 21:30:38