• Албан ёсны цахим хуудас
Аймгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

                                                                                                                                                             

Сар бүрийн 1-ний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. 9 дүгээр сарын 1-ний өдөр тус уулзалт зохион байгуулагдлаа.

Аймгийн ИТХ-аас ирэх 9 дүгээр сард хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэв. Тэрээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа худаг ус, зам барилгын ажлууд, боловсрол, эрүүл мэндийн салбарт баригдаж буй барилга бүтээн байгуулалтын ажлуудад хяналт, шалгалт хийж дүгнэлт гарган ажиллахаа мэдэгдлээ. Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх өдөр тохиодог. Тус өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлэх, орон нутгийн музей сонирхуулах, Ганданпунцоглин хийдэд ном айлдуулах, мөн тэдний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Арвайхээр хотын Гэндэнгийн гудамж, Намнансүрэнгийн гудамжны уулзвар дээр 9 дүгээр сарын 10-ны дотор багтааж дурсгалын хөшөө босгох ажлуудыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

Харин аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй их засвар, бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээлэл, 2014-2015 оны төв суурин газар болон МАА өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай, ирэх 9 дүгээр сард аймаг, орон нутагт хийгдэх ажлуудын талаар мөн цаг үеийн холбогдолтой мэдээллүүдийг өгсөн юм.

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Намнансүрэнгийн гудамжны 870 м авто зам, аймаг танилцуулах “Буга согоотын өндөрлөгийн их засвар, Дэлгэрэх голын эхэнд үерийн ус хуримтлуулах "Хөв” зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж ашиглалтанд орсон бөгөөд 4, 8 дугаар багийн чиглэлийн 793 м авто зам, 150 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг 9 дүгээр сарын 15 гэхэд хүлээж авах төлөвлөгөөтэй байна хэмээн мэдэгдлээ. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар, БОЭТ-ийн баруун талын орон сууцнуудыг дайрч үерийн ус ихээр урсдаг. Иймд энэ чиглэлийн авто замыг дагуулан 1 дүгээр сургуулийн зүүн талаас морь барианы газар хүртэл 2.5 км үерийн далан, суваг шуудууны ажлыг хийж асуудлыг шийджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10, 11 дүгээр багийн чиглэлд 1.3 км авто зам баригдаж ашиглалтанд орсон, Уянга сумын 640 хүүхдийн сургууль, соёлын төв, Бат-Өлзий сумын 320 хүүхдийн сургууль, Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа бөгөөд цаад талын хугацааг 10 дугаар сарын 15 хүртэл тооцоолж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна гэлээ.

Ирэх 9 дүгээр сард хөрөнгө оруулалтын гүйтэтгэлийн ажлыг дуусгах, эвдэрч гэмтсэн авто замуудад нөхөөсний ажил хийх, өвөлжилтийн бэлтгэлийг БИНХ-аар хэлэлцүүлэх, төв суурин газрын дулааны зуухны засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажлуудыг дуусгах зэрэг ажлуудыг хойшлуулшгүй хийхээр төлөвлөжээ. Арвайхээр хотын хувьд орон сууцны барилга ихээр баригдаж байгаатай холбоотой халаалтын хүрэлцээ, хангамж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 48 айлын орон сууц, цэргийн ангийн орон сууц, Арвай паласын зуух зэрэг 6 зуухны шинэчлэлийн ажлыг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж. Ингэснээр 10 дугаар сарын нэгэн гэхэд халаалтын ажыг жигдрүүлэх юм байна.                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                          Н.Гуамарал

2014-09-01 21:50:33