Нам гүмхэн байсан сургуулийн барилгууд 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүүхдүүдийн хөөр баяр, цовоо сэргэлэн дуунд сэргэж эхэллээ. 2014-2015 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургуульд нийт 21773 сурагч элссэнээс нэгдүгээр ангид 2422, 12 дугаар ангид 969 сурагч элсэн орж байна.
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр 35 цэцэрлэгт 8455 хүүхэд элсэж байгаагийн 5255 нь үндсэн бүлэгт, 3200 хүүхэд хувилбарт сургалтанд хамрагдаж байгаа юм. Өнгөрөгч хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд Өвөрхангай аймаг 515.5 оноо авч, улсын дунджаас 15.5 оноогоор илүү амжилтыг үзүүлжээ. Энэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулах зорилтыг тавьж байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд аймгийн төвийн 1, 2, 4 дүгээр сургуулийн захиралууд солигдож, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар боловсролын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлж байгаа юм.
2014-2015 оны хичээлийн жилд Уянга суманд 640 хүүхдийн сургууль, Бат-Өлзий суманд 320 хүүхдийн сургууль, Есөнзүйл суманд 120 хүүхдийн бага сургууль баригдаж байна. СӨББ-ын хувьд Хархорин сумын 4 дүгээр цэцэрлэгт нэг бүлэг нэмэгдэж, шинээр 100 хүүхдийн хүчин чадалтай 5 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээжээ. Мөн Арвайхээр хотын 3 дугаар цэцэрлэг шинээр 2 бүлэг нээсэн бөгөөд шинэ суурьшлын бүс буюу 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 150 хүүхдийн зориулалттай цэцэрлэг баригдаж байна. Тус цэцэрлэг 9 сардаа багтаж ашиглалтанд орох аж. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 60 хувь орчим, хувилбарт сургалттай тооцвол 80 хувьтай болох юм байна.