2014 оныг аймгийн эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн эрүүл мэндийн эрчимтэй шинэчлэлийн хүрээнд ”Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар зохион байгуулах тухай салбарын сайдын тушаал гарсны үндсэн дээр Эрүүл мэндийн газар, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болон “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцож, иргэдэд сурталчлах зорилготойгоор Эрүүл мэндийн газраас БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран үйл ажиллагааны тайлант үзэсгэлэг зохион байгуулав. Үүнд сум, өрхийн ЭМТ-ийн дарга, эх, хүүхдийн асуудал хариуцсан эмч мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сумдын ЗДТГ-ын төлөөлөл, иргэдийн төлөөллүүд оролцож, харилцан туршлага солилцлоо.
Цаашид дээрх үйл ажиллагаануудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, төрийн болон ТББ, иргэд хамт олныг татан оролцуулах, эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө гарган ажиллах, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд нотолгоонд тулгуурласан брэнд тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг айл, өрхүүдэд хүргэж, хэвшүүлэх зэрэг ажлуудыг эрчимтэй хийж ажиллахыг тус тайлангийн үеэр онцолсон юм.