Арвайхээр сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2009 онд батлагдсан. Ерөнхий төлөвлөгөөнд 2029 он хүртэл нийт 400 га газарт хотыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 70 га газарт орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, 3870 өрхийн 5-9 давхар орон сууц, ерөнхий боловсролын сургууль 1, сургуулийн өмнөх боловсролын байгууллага 4, Төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, усан спортын төв, кино театр, судалгаа шинжилгээ болон худалдаа, үйлчилгээний төвүүдийг барьж байгуулах юм.
Шинэ суурьшлын бүсийн ажлын гараа эхэлж 928 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна. Шинэ суурьшлын бүсэд 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 3700 м дулааны шугам, 500 м цэвэр усны шугам, 3500 м бохирын шугам хийгдэхээс өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил 35 хувьтай, цэвэр усны шугамын ажил 85 хувьтай, бохирын шугамын ажил 60 хувьтай хийгдэж байна.
Азийн хөгжлийн банкны МОН-2301 төслийн санхүүжилтээр дээрх шугам сүлжээний ажил хийгдэж байгаа бөгөөд “ЧММ” ХХК гүйцэтгэгч компаниар шалгарч, өнгөрөгч 7 дугаар сарын 4-нөөс ажлаа эхлүүлээд байгаа аж. Тус инженерийн шугам сүлжээний ажлыг ирэх 10 дугаар сард багтааж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.