Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа ч эцэг, эхчүүдийн санааг зовоодог нэг зүйл бол сурах бичгийн хүрэлцээ, хангамж, үнийн тухай асуудал юм. “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн хүрээнд 1-5 дугаар ангийн англи хэлний сурах бичгээс бусад бүх сурах бичгийг шинэчилж, бага ангийн сурагчдыг төрөөс 100 хувь үнэгүй хангах аж. Манай улс “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сан”-г өнгөрөгч 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь төрөөс сурах бичгээр хангагдаж чадахгүй үлддэг дунд болон ахлах ангийн сурагчдад сурах бичгийг түрээсийн журмаар ашиглуулж, түрээсийн төлбөрийн хуримтлалаар сурах бичиг хэвлэх, нийлүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх, эцэг, эхээс сурах бичиг худалдан авахад гардаг зардлыг багасгах зорилготой юм. Сурах бичгийн түрээсийн тогтолцоо 21 аймгийн төвийн сургуулиудад хараахан хэрэгжиж эхлээгүй агаад Арвайхээрээс бусад 18 сумын 21 сургуулийн 12 жилийн 6, 8, 9, 10, 11 дүгээр ангиудад хэрэгжиж байна. Түрээсийн тогтолцоонд хамрагдснаар сурагчид бүх сурах бичгээ төрөөс хямд үнээр түрээсэлж, суралцах боломж нээгдэж байгаа. Жишээ нь: 6 дугаар ангид үзэх 12 хичээлийн сурах бичгийг тухайн сурагч хичээлийн жил дуустал 13000 төгрөгөөр, 8 дугаар ангид үзэх 18 хичээлийн сурах бичгийг 16500 төгрөгөөр, 9 дүгээр ангийн 18 сурах бичгийг 16600 төгрөгөөр түрээсэлж ашиглана.
Харин аймгийн төвийн сургуулиудын хувьд дунд болон ахлах ангийн амьдралын баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд, хагас, бүтэн өнчин сурагчдыг төрөөс үнэгүй сурах бичгээр хангах ба энэ нь тухайн сургуулийн нийт сурагчдын 40 хувьд нь олгогдож бусад /60 хувь/ сурагчид зах зээлээс өөрсдийн мөнгөөр худалдаж авах юм байна.
Статистик дүн мэдээ хараахан гараагүй ч албаны хүний өгсөн урьдчилсан мэдээгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангалт 1-5 дугаар анги 95 хувьтай, 7, 12 дугаар анги 40 хувьтай, 6, 8, 9, 10, 11 дүгээр ангийн сурах бичгийн хангалт 80 хувьтай байна гэлээ.