Монгол Улсад нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Өвөрхангай аймгаас нийт 1500 орчим хүн өртсөн байна. Эдгээр хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 19 дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд тэдний гэгээн дурсгалд зориулж Гэндэнгийн гудамж, Намнансүрэнгийн гудамжны уулзвар дээр гэрэлт хөшөөг мөнхөллөө. Дурсгалын хөшөөний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Арвйхээр сумын ИТХ-ын дарга Б.Ганбат болон албаны бусад хүмүүс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийн төлөөлөл, Ганданпунцоглин хийдийн лам хуврагууд оролцов. Уг хөшөөг мөнхөлснөөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн түүнд хүндэтгэл үзүүлж байхаас гадна залуу хойч үеийнхэнд түүхийн гашуун үнэнийг ойлгуулах ихээхэн ач холбогдлыг тээж байгаа аж. Түүнчлэн аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 1998-2014 оны хооронд 1140 хүний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хэлмэгдэж, цагаатгагдсан 1500 хүнээс өнөөдрийн байдлаар 514 хүнд 508 сая төгрөгийн нөхөн олговор, нэг хүнд орон суучны нөхцлийг сайжруулах 30 хүртэл сая төгрөгийн мөнгөн олговрыг олгожээ.