• Албан ёсны цахим хуудас
1024 хүүхэд оюун ухааны тулаанд хүчээ сорилоо

 

Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын бахархлыг бий болгож, нийтийн хүртээл болгох зорилт тусгагдсаны үндсэн дээр аймгийн ИТХТ-ийн 2014 оны 31 дүгээр тогтоолоор “Шатар” хөтөлбөрийг баталж, шатрын спортыг Өвөрхангайн бахархал болгон зарласан. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудын шатрын спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний амжилтыг эцэг, эх, багш, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор  аймгийн Засаг даргын ивээл дор “Шатар 1024” хүүхдийн наадмыг энэ сарын 13-ны өдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. Уг наадмын нээлт Аюуш баатрын талбайд ёслол төгөлдөр эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, Боловсролын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, шатрын спортын мастер Ж.Жанцандорж, шатрын спортын ОУ-ын мастер Г.Мөнхгал, 1024 шатарчид, тэдний багш, дасгалжуулагчид, эцэг, эхчүүд, иргэд, олон нийт оролцов. Аймгийн удирдлагууд шатрын эхний нүүдлийг нүүснээр “Шатар-1024” хүүхдийн наадам эхэлсэн юм.

Тэмцээнд нийт 28 сургуулиас 1024 шатарчин хүүхэд оролцож, 8 хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн насны ангиллаар өөр хоорондоо өрсөлдөж, оюун ухааны тулаанд хүчээ сорьцгоолоо. Тэмцээний тоглолтууд ерөнхий боловсролын 1, 2, Мэргэд сургуулиудад явагдаж 6 насны ангиллаас нийт 64 хүүхэд шигшээ тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтыг бөхчилсөн журмаар зохион байгуулж, шилдэг 8-д Баруунбаян-Улаан сумын Э.Энхманлай, Арвайхээр сумын С.Лхагвадолгор, Баруунбаян-Улаан сумын Э.Загарзүсэм, Баруунбаян-Улаан сумын Т.Лундаа, Баруунбаян-Улаан сумын Э.Наранхүү, Арвайхээр сумын А.Дөлгөөн, Бат-Өлзий сумын Б.Доржренчин, Бат-Өлзий сумын н.Отгонсүрэн нар шалгарч, тоглолтыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнүүлж, үзэгчид, шүүгчдийн сэтгэлийг догдлуулсны эцэст шилдгийн, шилдэг шатарчнаар Бат-Өлзий сумын 15 настай Б.Доржренчин хүү тодорлоо. Шатрын спортыг “Өвөрхангайн бахархал” болгон хөгжүүлэхэд хүүхдүүдийн авъяас, чадвар, итгэл үнэмшил, дур сонирхол өндөр байгааг аймгийн олон мянган шатарчин хүүхдүүдийн төлөөлөл болж онч, мэргэн нүүдлээрээ өрсөлдсөн 1024 хүүхдийн тоглолтоос харагдаж байна хэмээн наадмыг зохион байгуулагчид болон багш, дасгалжуулагчдын зүгээс дүгнэж байна. 

 

 

2014-09-14 10:40:28