Үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг “Өвөрхангай түншлэл” үзэсгэлэн худалдаа нь иргэд, олон нийтийн дунд хүлээлт үүсгэдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.
Тэгвэл тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, зохион байгуулагчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид, худалдан авагчид оролцлоо. Өмнөх жилүүдэд худалдаа, үйлчилгээ болон намрын ногоон өдрүүд хамтдаа, малын үзэсгэлэн тусдаа зохион байгуулагддаг байсан бол “Баруун бүсийн барилгын материалын худалдааны төв” ашиглалтанд орсноор бүгд нэг дор зохиогдож байгаагаар онцлог аж. “Өвөрхангай түншлэл 2014” үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Төв, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид болон Өвөрхангай аймгийн 15 сумын газар тариалан, мал аж ахуй, бизнес эрхлэгчдийн 100 гаруй бараа, үйлчилгээ, 70 гаруй хүнсний ногоо, цагаан идээ, 130 гаруй шилмэл малын үзэсгэлэн хүрэлцэн ирсэн байна. Мөн сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа 14-нийг дуустал үргэлжилнэ.