• Албан ёсны цахим хуудас
Шуурхай хурал хуралдав

 7 Хоног бүрийн мягмар гарагт аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдаж, МШУТ-ийн 7032-1111 нээлттэй утсанд хандсан иргэдийн санал хүсэлт, гомдол хийгээд аймаг, орон нутгийн цаг үеийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, аймгийн Засаг даргын зүгээс албадын дарга нарт үүрэг чиглэлийг өгдөг билээ. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ээлжит хурал хуралдав.

Энэ удаагийн хурлаар Сант суманд “Тарваган тахал” өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар Онцгой байдлын газрын дарга Т.Энхбаатар мэдээлэл хийлээ. 9 дүгээр сарын 3-ны өдөр аймгийн төвөөс тарваганы мах худалдаж авч, эцэг нь хүн махыг, хүүхэд нь давсгийг түүхийгээр нь залгиж, улмаар хүүхэд залгиур хоолойн хэлбэрээр тахал өвчин туссан байна. Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, Засаг даргын захирамжаар тус суманд өндөржүүлсэн бэлэн байдлыг журмын дагуу 6 хоног тогтоож ажиллажээ. 1, 2 дугаар хавьдалд орсон 54 хүний хяналтын хугацаа дууссан учир иргэдийг тусгаарлаж, өнөөдрийн байдлаар 23 хүн хяналтанд байгаа аж. Хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд тарваганы мах худалдаалсан, борлуулсан, дамжуулсан эзэн, шалтгааныг тогтоохоор Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байна.  Энэ сарын 11-нээс эхэлж Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид 5 хэсэгт хөдөлгөөнт пост ажиллуулснаар 83 ширхэг тарвага оруулж ирэхийг завдсан иргэнийг илрүүлжээ. Энэ мэтчилэн тарваганы мах худалдаалах бизнес замбараагүй байвал өвчин дахиж гарахгүй гэсэн баталгаа байхгүй, иймд иргэдийг тарвага агнахгүй, худалдаалахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Аймгийн Засаг даргын зүгээс зах дээр байгаа ченжүүдийг олж илрүүлэх, тэдний үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох, тарваган тахал гарсан шалтгаан, нөхцлийг яаралтай шалгаж дуусгах, нэг хүний болгоомжгүй үйлдлээс болж их хэмжээний зардал гарч байгаа учир хариуцлага алдсан хувь хүн, албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудад үүрэг болголоо. Сүүлийн үед түүхийгээр нь тарваганы гэдэс, дотрыг иддэг буруу зуршил тогтсон, үүнийг таслан зогсоох зайлшгүй шаардлага байгаа тул төрийн албан хаагчдыг иргэдэд ойлгуулж, зөв мэдээлэл дамжуулж байхыг сануулав.

Энэ удаагийн хурлаас эхлээд төрийн байгууллагууд үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх жишиг тогтож байгаа. 2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулж эхний мэдээллийг Хөдөлмөрийн хэлтсээс өгөв.
 
Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор албан байгууллагууд, агентлагуудын дунд уралдаан зарлаж мод, бут тарьсан. Үүний ургалт, үр дүнгийн талаар Байгаль орчны газраас мэдээлэл хийлээ.
2014-09-16 19:16:21