Аймгийн Засаг даргын “Бүтээлч-Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрөгч хавар бүх нийтээр мод тарих сарын аяныг өрнүүлж, албан байгууллагуудын дунд мод, бут тарих уралдааныг зарласан.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 75 байгууллага 13074 ширхэг мод, бут тарьж, 4587 м2 газарт зүлэгжүүлэлтийг хийсэн байна. Байгаль орчны газраас байгууллагуудын тарьсан мод, бутны ургалт, насжилтад урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийжээ. Албан байгууллагуудын тарьсан ногоон байгууламж нь усалгаа, арчилгаанаас хамаарч харилцан адилгүй ургасан байна.
Тухайлбал Мэргэжлийн хяналтын газар, Төв номын сан, ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар усалгаа, арчилгааг уйгагүй хийсний үр дүнд тэдний тарьсан мод, бут 70-аас 100 хувийн ургалттай, цаашид амьдрах бүрэн боломжтой бол БОЭТ, Өрхийн эмнэлгүүд, Хөгжимт драмын театр, Зоонос өвчин судлалын төв, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагуудын тарьц, суулгацын ургалт хангалтгүй байжээ. Учир нь хөрс сийрүүлэх, хогийн ургамлыг түүх, услах гээд арчилгааг огт хийгээгүй гэлээ. Бусад хэлтэс, албад, байгууллагуудын тарьсан ногоон байгууламжийн насжилт, ургалт 50 хувьтай байгаа аж. Хангалтгүй дүн үзүүлсэн газрууд ирэх хавар нөхөн тарилтыг дахин хийх юм.