Өнгөрөгч 7 хоногт МШУТ-ийн 7032-1111 нээлттэй утсанд 21 асуудлаар нийт 44 иргэн хандсан байна. 5 иргэн санал хүсэлтээ илэрхийлж, 13 иргэн гомдол гаргаж, 26 иргэн мэдээлэл, лавлагаа авчээ.
Төвийн нэгдсэн халаалт хэдийд өгөх вэ, 150 хүүхдийн цэцэрлэг хэзээ хүүхдүүдээ бүртгэж, ашиглалтанд орох вэ, 5 дугаар багийн Өнөр хорооллыг цэвэр усанд холбох ажил аль шатандаа явж байна зэрэг асуултуудад мэдээлэл авах зорилгоор иргэд ханджээ.
Үүнд: Төвийн нэгдсэн халаалт 10 дугаар сарын нэгэн гэхэд өгнө, дулааны зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг мөн 10 сарын нэгэн гэхэд улсын комисс ажиллана, Өнөр хорооллыг цэвэр усанд холбох шугам, сүлжээний ажил эхний шатандаа хийгдэж байна гэсэн хариултуудыг холбогдох газруудаас авч иргэдэд эргэн мэдээлж ажиллажээ. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль гүнзгий ангийнхаа төлбөрийг нэмэгдүүлсэн тухай, цэцэрлэгийн туслах багш нарын харилцаа, хандлагатай холбоотой, хог хаягдал, нохой устгал, 6 дугаар багийн тогны хүч муу байгаа, шинэ баригдсан худгууд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй байна, зам ангийн утаа 10 дугаар багруу орж ирж байна, ХДТ-ын арын зам, Оюу төвийн баруун талын зам эвдрэл ихтэй улмаас тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй байна гэсэн гомдлуудыг иргэдийн зүгээс тавьсан байна.
МШУТ-д нийт 21 асуудлаар санал хүсэлт, гомдол ирснээс 18 асуудлыг шийдвэрлэж, иргэдэд эргэн мэдээлсэн. Зам анги болон замын эвдрэлтэй холбоотой 3 асуудал шийдвэрлэгдээгүй хэмээн МШУТ-ийн ажилтан танилцуулав.