Ахмадын баярыг дэлхийн улс орнууд жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс тус баярыг 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай аймгийн хэмжээнд нийт 9800 гаруй ахмад, буурлууд амьдардаг бөгөөд 2400 орчим нь Арвайхээр хотноо аж төрж байгаа юм. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн болон ахмадын хорооны удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр хотын захирагч А.Ишдорж, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цэцэгмаа, 600 гаруй ахмад буурлууд оролцлоо.
Албаны хүмүүсийн зүгээс аймаг, орон нутгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөхөөс гадна ахмадуудын тавьсан санал, хүсэлтүүдийг хэрхэн биелүүлсэн талаар таниулцууллаа. Үүнээс аймгийн Засаг даргын шийдвэрээр 1800 гаруй ахмадыг харьяалалтай болгосон ажилд ахмадууд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Мөн энэ үеэр ахмадууд өөрсдийн болон аймаг, орон нутгийнхаа өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж байсан юм.
Төгсгөлд нь тэргүүний ахмадуудад Монгол Улсын Засгийн газрын шагнал, аймаг, сумын Засаг даргын жуух, Ахмадын хорооны шагналуудыг гардуулж, Хөгжимт драмын уран бүтээлчид “Нутгийн аялгуу” урлагийн тоглолтыг толилууллаа.