Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгдөг уламжлалтай.
Энэ удаагийн уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд нийт ахмадууддаа олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, 10 дугаар сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд өвлийн цагийн хуваарьт шилжиж байгааг мэдэгдлээ. Түүнчлэн өнгөрсөн 9 дүгээр сард “Шатар 1024” хүүхдийн наадам амжилттай зохион байгуулагдсан. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдийн оролцоо өндөр байсныг сайшааж байлаа. Малын хулгайнаас урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах зорилгоор хангайн бүсийн зөвлөлгөөнийг Хархорин суманд зохион байгуулжээ. Зөвлөлгөөний үеэр энэ жил Өвөрхангай аймагт малын хулгай 40 хувиар буурсан мэдээллийг өгсөн байна. Мөн өнгөрөгч сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж гэрэлт хөшөөг сүндэрлүүлж, хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг эмчилгээнд хамруулж, орон нутгийн музей үзүүлж, Ганданпунцоглин хийдэд ном айлдуулжээ. Тэрээр 5 гэр бүлд тус бүрд нэг сая төгрөг, нэг гэр бүлд орон сууц олгосон байна. Мөн 19-ний өдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж, “Орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах” тухай журам баталжээ.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын талаар мэдээлэл өгөв. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар соёлын төв 5, сургууль 5, эмнэлэг 4, МСҮТ-ийн 1 нийт 15 объектод их засварын ажил хийгдэж дууссан байна. Бат-Өлзий сумын 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Арвайхээр хотын 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ирэх 7 хоногоос ашиглалтанд орохоор бэлтгэл ажил хангагдаж байгаа бол 4, 8 дугаар багийн чиглэлд тавигдаж буй 793 м авто замыг энэ сарын 15-наас өмнө хүлээж авах аж. Уянга сумын 640 хүүхдийн зориулалттай сургуулийн барилга удаашралтай баригдаж байна гэлээ. Уянга сумын соёлын төв, халдвартын эмнэлэг, 928 хүүхдийн сургууль, Бүрд сумын эмнэлэг, Хархорин сумын спорт заал гэсэн 5 барилгын ажил он дамжиж баригдах юм байна.
“Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах” МОН-2301 төслийн хүрээнд Арвайхээрчүүд “Онгийн гол”-оос ундны цэвэр усаа туршилтаар ууж эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Тус цэвэр усны байгууламж албан ёсоор энэ сарын 24-нд ашиглалтанд орно. Мөн шинэ суурьшлын бүсэд 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан инженерийн шугам сүлжээг энэ сарын 24-нд, Хархорин суманд 1.4 тэрбум төгрөгөөр хийгдсэн инженерийн шугам сүлжээг энэ сарын 25-нд хүлээж авна гэлээ. 10 дугаар сарын 14-18-ны хооронд ажлын хэсэг томилогдож өвөлжилтийн бэлтгэл ажлыг хүлээж авах юм байна.