Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнууд, хүүхэд багачууд, эцэг, эхчүүдээ
Эх орны хойч үеийг сургах, гэгээрүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг үүрч яваа хүмүүс бол багш, сурган хүмүүжүүлэгчид юм. Манай аймагт ерөнхий боловсролын сургуульд 1100, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 170 гаруй багш, ажилтан үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж байна.
Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний сурч боловсрох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Бүтээлч багш”, “Шатар”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах” хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллахад багш нарын үүрэг, оролцоо, санал, санаачилга хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлье.
Багш нарын ажлыг дүгнэдэг гол үзүүлэлтүүдийн нэг нь ЭЕШ-ын дүн яах аргагүй мөн. Өнгөрөгч хичээлийн жилд манай аймаг улсын дунджаас 15.5-аар илүү оноо авч улсын хэмжээнд гуравдугаар байр эзэлснийг хэлэхэд бахархалтай байна. Энэ хичээлийн жилд амжилтаа ахиулахад багш нэг бүрийн хүчин чармайлт, уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр чухал.
Хүүхэд төвтэй сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулж, хүүхэд нэг бүрийн хөгжилд ахиц гаргахад багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна.
Боловсролын салбарын хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэл, эрдэм оюун, ур чадвараа дайчлан ажиллаж яваа эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын 48 дахь өдрийн баярын мэнд хүргэе. Ирээдүй хойчийг сургах, хүмүүжүүлэх хүндтэй албаа нэр төртэй биелүүлж, багшийн ёс зүйг дээдлэн ажиллахыг хүсэн ерөөе.
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн