Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх” журам-д өөрчлөлт оруулж “Монголын багш нарын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр буюу “Дэлхийн багш нарын өдөр”-өөр тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэрийг гаргажээ.
2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн уг шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа аж. Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан багш, сурган хүмүүжүүлэгчдийн дунд ажил мэргэжил, урлаг, спортын олон төрлийн тэмцээн, уралдааныг зохион байгуулжээ. Энэ сарын 3-ны өдөр “Монголын багш нарын 48 дахь өдөр”-ийн баярыг албан ёсоор тэмдэглэж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг, тэргүүний эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид, сургууль, цэцэрлэгийг тодруулж, шагнаж урамшуулав. Оюуны ундраа, эрдэм мэдлэгийн охь болсон багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.