• Албан ёсны цахим хуудас
7032-1111 утсанд 49 иргэн ханджээ

 

Өнгөрөгч 7 хоногт буюу 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нээлттэй утсанд 29 асуудлаар 49 иргэн хандсан байна. Дээрх хандалтаас 22 иргэн гомдол гаргаж, 21 иргэн мэдээлэл авсан бол 6 иргэн санал, хүсэлтээ илэрхийлжээ.

22 иргэний гаргасан гомдлыг тодруулбал “Төрийн албан хаагчдын харилцаа хандлагатай холбоотой, ерөнхий боловсролын сургуулийн багш нар төлбөртэй сургалт хичээллүүлж байгаа нь эрхэлсэн ажилгүй эцэг, эхчүүдэд хүндрэл үүсгэж байгаа талаар, Арвайхээр сумын 10 дугаар багт үйлчилдэг нийтийн тээвэр зогсоолдоо ирэхгүй 30 минут хүлээлгэж байна,  9 дүгээр багийн 40, 41 дүгээр гудамжинд золбин нохой их байна, зах дээр худалдаалагдаж байгаа нүүрсний шуудайны хэмжээ багасч байна, цас орж, хүйтрэхээр 3500 төгрөгөөр худалдаалагдаж байсан нэг шуудай нүүрсний үнэ 5000 төгрөг болж нэмэгдэж байна, техникийн зах хогоо шатааж байна, халаалтын мөнгөө төлөөгүй айл, өрхүүдээс болж дулаан түгээгч компаниуд халаалтаа өгөхгүй, төлбөрөө төлсөн өрхүүд хохирч байна” зэрэг гомдлууд өнгөрөгч 7 хоногт дийлэнх иржээ.

Иргэдээс ирүүлсэн гомдолд арга хэмжээ авч, даруй шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Харин Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс иргэдийн гомдолтой холбогдуулан төрийн байгууллагуудтай хамтарч нүүрсний савлагааны стандарт тогтоож ажиллахаар болсон байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд Тээвэр, авто замын газар, Арвайхээр хотын ЗДТГ хамтран хяналт тавьж, авсан арга хэмжээний талаар эргэн мэдээллэхээр боллоо.

 

2014-10-07 01:30:52