• Албан ёсны цахим хуудас
Нарийнтээл сумын “Залуу малчид” зөвлөлдлөө

 

Малчдын мал маллагааны арга барилыг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, мал сүргийн чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх зорилгоор Нарийнтээл сумын “Залуу малчид”-ын зөвлөгөөнийг 10 дугаар сарын 2-ны өдөр  зохион байгууллаа. Тус арга хэмжээнд  аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, ҮХААГ-ын мэргэжилтнүүд, сумын Засаг дарга, сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтнүүд, ажил үйлсээрээ тэргүүлж буй 100 гаруй залуу малчид, ахмад малчдын төлөөлөл  оролцлоо.

Аймгийн Засаг дарга малчдад хандаж хэлсэн үгэндээ “Байгаль цаг уурын эрсдлийг давж чадах өндөр ашиг шимтэй малыг бий болгох, малын чанарыг сайжруулах, эрүүл байлгах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр малчдын орлого, санхүүгийн баталгаа нэмэгдэнэ. Цаашлаад өрхийн орлого, зарлагаа тооцож хэвших, хуримтлал бий болгох, гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдийнхээ боловсролд анхаарах хэрэгтэй” хэмээн залуу малчдад онцолж захилаа.

Тус зөвлөгөөнөөр сумын мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, аймгийн мал аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр дүн, мал сүргийг эрүүлжүүлэхэд малчдын анхаарах асуудал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж байгаа байдал, мал сүргийн чанарыг сайжруулах, малчдын хоршоог байгуулахад анхаарах асуудал, малын хулгайтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгч,  малчдын санал бодлыг сонсож зөвлөлдлөө.

Мал маллах арга ухаан, ажилсаг, хөдөлмөрч байдлаараа бусдыгаа манлайлж, үлгэр дууриалал үзүүлж буй тэргүүний залуу малчдыг шагнаж урамшуулав.

2014-10-07 21:39:24