Айл өрхөөс эхлээд аймаг, орон нутаг, цаашлаад улс, орны хөгжил, дэвшилд түлхэц болдог хүчин зүйл бол эдийн засгийн чадамж. Тиймээс Өвөрхангай аймаг 2020 он хүртэл баримтлах “Эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг МУИС-ийн судалгааны багтай хамтран боловсруулж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-ийг 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд, бизнес эрхлэгчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
Аймгийн зах зээлийн багтаамжийн талаар явуулсан судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, судлаачдын дунд хэлэлцүүлж, тэдний санал зөвлөгөөг авах, бизнесийн туршлагуудыг харилцан солилцох, тэдэнтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа ажээ.
Энэхүү зөвлөгөөнийг мөн Улаанбаатар хотод энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Н.Гуамарал