МУИС-ын профессор, ШУ-ны доктор, МУ-ын гавьяат багш Э.Равдан багшийн анх санаачлан зохион байгуулсан Орос хэлний олимпиад манай аймагт 3 дахь удаагаа энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээнд МУИС-ын профессор, ШУ-ны доктор, МУ-ын гавьяат багш Э.Равдан, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУ-ын Гавьяат багш Д.Цогзолмаа, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухааны соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын шинжлэх ухааны соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал, доктор профессор Т.В.Боронская, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орчуулагч В.И.Зимирёв нар хүрэлцэн ирж оролцоно.
Бүсийн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулагдах бөгөөд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгаас шилдэг сурагчид, багш нарын төлөөлөл оролцох юм байна. 12 дугаар ангийн эхний 3 байрт шалгарсан сурагчид ОХУ-ын Их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх, мөн шилдэгээр шалгарсан 2 багшийг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эрхийн бичгээр тус тус шагнана. Олимпиадын үеэр орос дуу, шүлгийн тэмцээн, Орос хэлний багш нарын дунд мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулагдана.