Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах тухай 2014 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан. Уг бодлогын баримт бичгийг МУИС-ийн судалгааны багтай хамтран өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн боловсруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГазраас “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд нийт 100 гаруй хүн оролцлоо.
Аймгийн зах зээлийн багтаамжийн талаар явуулсан судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид, судлаачдын дунд хэлэлцүүлж, тэдний санал зөвлөгөөг авах, бизнесийн туршлагуудыг харилцан солилцох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлого, чиглэлийн талаар МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд цаашид аймгийн эдийн засгийн хэтийн хөгжилд тэргүүлэх салбаруудыг нэрлэсэн. Үүнд: Хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар, тээвэр агуулахын аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих нөөц боломж, давуу талууд байгааг судалгааны үр дүн харуулжээ.
Өвөрхангай аймгийн эдийн засгийг хөгжүүлэх хэтийн томоохон зорилтуудыг дурдвал: Хархорин суманд олон улсын нисэх онгоцны буудлыг байгуулж, жуулчдыг олноор татах, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн 435 км хатуу хучилттай худалдааны замыг тавьснаар баруун болон хойд зүгийн аймгууд цаашлаад ОХУ-ын худалдаачдын дамжин өнгөрөх гол цэгийг Арвайхээрт бий болгох, Арвайхээр Хархориныг хатуу хучилттай замаар холбох, Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн нүүрс боловсруулах үйлдвэр болон баруун бүсийн эрчим хүчээр хангах нөөц цахилгаан станц барих, ашигт малтмалын ордыг түшиглэн нарийвчилсан хайгуул хийж, ашигт малтмалыг илрүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг хэтийн зорилтууд тусгагджээ.
Харин Өвөрхангай аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нөөц, боломжийн талаар аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн илтгэл тавьж, бизнес эрхлэгчдэд ойрын хугацаанд аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулах ямар боломж байгааг танилцууллаа.
Тухайлбал Арвайхээр суманд мах боловсруулах үйлдвэрийг түшиглэсэн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, ангилан ялгаж худалдаанд нийлүүлэх, зориулалтын хөргүүртэй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх аж ахуй нэгж, Олон улсын жишигт нийцсэн эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан мал, мах экспортлох хөрөнгө оруулагчийг дэмжих, Арвайхээр суманд сүү боловсруулах сүүлийн үеийн техник технологи бүхий томоохон үйлдвэр бий болгох аж ахуйн нэгжийг дэмжих, томоохон аж ахуй нэгжийг түшиглэсэн тахианы салбар аж ахуйг орон нутагт хөгжүүлэхэд дэмжиж ажиллах, Орхоны хөндийд өндөр зэрэглэлийн жуулчны бааз байгуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хархорин суманд зуны задгай театр байгуулах, жуулчдын үдлэх, хоноглох газруудад мотелуудыг барьж байгуулах зэрэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахуйц хөгжлийн гарц Өвөрхангай аймагт байгааг онцлов.
Тус эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг хэд хэдэн үе шаттайгаар боловсруулж байгаа бөгөөд төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэд олон нийтийн санаа бодлыг тусгаж байгаа юм. Энэхүү бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнийг энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 11 дүгээр сард саналуудыг нэгтгэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр зорин ажиллаж байна гэлээ.
Н.Гуамарал