“Номын баярын өдөр”-ийг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, хүүхэд, залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном уншихын ач тусыг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГазар, Төв номын сангаас “Номын баяр”-ыг зохион байгууллаа.
Уг баярыг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд аймгийн Утга зохиолын нэгдлийн үе үеийн гишүүд, идэвхтэн уншигчид, номыг шимтэн уншдаг хүүхэд, залуучууд, иргэдийн төлөөлөл, сумдын номын санчид оролцлоо.
Номын баярыг угтаж 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Миний дуртай үлгэрийн баатар”, ахлах ангийн сурагчдын дунд “Миний ертөнц” сэдвээр гар зургийн уралдаан, “Ном-Хүүхэд, гэр бүл" сэдэвт зохиогч, уншигчдын уулзалт, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд дүрийн тоглолтын уралдаан, “Удмын номоо бүтээцгээе” ургийн бичиг хөтлөх аргачлалын сургалт зэргийг зохион байгуулжээ. Харин өнөөдөр “Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уран илтгэлийн уралдаан, шинэ номын үзэсгэлэн, АХА танин мэдэхүйн уралдаан, гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэнг зохион байгуулахаас гадна уншигчдад үнэгүй карт нээх үйлчилгээг үзүүллээ. Мөн “Уран илтгэл” “Гар зураг” “Уран уншлага"-ын уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Ийнхүү “Номын баяр”-ын өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэв.