Хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулах тухай аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан. Үүний үндсэн дээр аймгийн Засаг даргын ивээлд “Миний урлан” хүүхдийн бүтээлийн уралдааныг энэ сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хүүхэд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас чадварыг нээх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх нөгөө талаас аймаг, орон нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг шинээр гаргаж ирэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2 дахь жилдээ тус уралдааныг зохион байгуулж байна.
Уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт сум тус бүрд зохион байгуулагдаж, 1 дүгээр шатнаас шалгарсан 11 сумын ЕБ-ын 17 сургуулийн 200 орчим хүүхэд 1800 бүтээлээр 8-12, 13-18 гэсэн 2 насны ангилалд оролцож, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөв.
Урлан бүтээгч, авьяаслаг хүүхэд, багачууд нэхмэл, сүлжмэл, наамал, шүр сувдан эдлэл, уран зураг, баримал, цаасан урлал, гар оёдол, модон эдлэлийн бүтээл, ясаар урласан бүтээл, арьсан эдлэлийн бүтээлүүдийг ур ухаанаа дайчлан уран бүтээл болгож олны мэлмийг баясгаж байлаа.