Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институт, Улаанбаатар хот дахь Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Том төрөөс Ухаалаг төр рүү” эрдэм шинжилгээний хурлыг орон нутгийн түвшинд анх удаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтын захирал Проф.Др.Цыков, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтын захирал Проф.Др.Н.Бурмаа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Баянхонгор, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ЗДТГазрын дарга нар, төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд оролцлоо.
“Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд Төрийн захиргааны байгууллагууд юу хийхээ тодорхойлох, харилцан туршлага судлах, хамтарч ажиллах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Шпайерийн Төрийн захиргаа судлалын институтын захирал Поф.Др.Цыков “Том төрөөс Ухаалаг төр” сэдвээр илтгэл тавьж, оролцогч аймгууд ухаалаг төр рүү шилжихэд орон нутагтаа хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагуудаа танилцуулж хэлэлцүүллээ.
Цаашид ухаалаг төрийн зарчимд шилжихийн тулд орон нутгийн түвшинд төрийн албыг чадавхжуулах, иргэдэд нээлттэй болгох, иргэдийн саналыг авдаг болох, төр, орон нутгийн зүгээс эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаанд оролцдог оролцоог багасагах, мэдээлэл технологийн ухаалаг аргуудыг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг чиглэлүүдийг баримталж ажиллах нь зүйтэй хэмээн хуралд оролцогчид санал, бодлоо илэрхийлж байв.