Өнгөрөгч долоо хоногт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд 23 асуудлаар 48 иргэн ханджээ. Үүнээс 24 иргэн мэдээлэл авч, 17 иргэн гомдол гаргаж, 7 иргэн санал хүсэлт илэрхийлсэн байна.
Гомдол гаргасан иргэдийн хувьд хогийн машин хогоо гүйцэт ачдаггүй хурдан хөдөлдөг, зарим иргэд хог, хаягдлаа ил задгай, жалганд хаяж байгаа талаар, БОЭТ-ийн “Төрөх тасаг”-ийн хойд зүгрүү харсан эргэлтийн хаалга салхинд онгойдог, хүн гарч ороход нэвт салхилдаг нь эргэлтээр уулзаж байгаа төрсөн эхчүүд төдийгүй ханиад, хатгаа өвчнөөр өвчилж, эмчлүүлж байгаа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна, Арвайхээр сумын “Түшиг дөлгөөн” өрхийн эрүүл мэндийн төв, Өлзийт сумын 3 дугаар багт тэтгэвэрт гарах хуулийн хугацаа нь болсон эмч нар ажиллаж байна. 48 айлын орон сууцны халаалт муу байна, амралтын өдөр огт галладаггүй зэрэг гомдлуудаас гадна Хужирт, Баянгол сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гомдлууд иржээ.
Мөн 4, 8 дугаар багийн чиглэлд баригдаж байгаа 793 м авто замтай холбоотойгоор хурд сааруулагч тавьж өгөхийг, 30 дугаар гудамжны харалдаа явган хүний замаас доош буухад өндөр учир зориулалтын шат хийж өгөхийг иргэд хүсчээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэд 23 асуудлаар гомдол гаргаснаас 3 асуудал шийдвэрлэгдээгүй байна. Эдгээр асуудлуудыг холбогдох хэлтэс, агентлаг болон албаны хүмүүст уламжилсан бөгөөд бусад асуудлуудын шийдвэрлэлтийн байдлыг иргэдэд эргэн мэдээллэж ажиллаж байна хэмээн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан мэдээлэл өгөв.