Өвөрхангай аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Хархорин, Арвайхээр сумдад 3.5 км авто зам тавих зорилт тусгагдсан. Үүний 2.9 км авто замыг Арвайхээр суманд барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Намнансүрэнгийн нэрэмжит гудамжинд 870 м авто зам, 10, 11 дүгээр багийн чиглэлд 1.3 км авто зам барьж, ашиглалтанд оруулсан. Тэгвэл энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4, 8 дугаар багийн чиглэлд шинээр тавигдсан 793 м авто замыг ашиглалтанд оруулах нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Шинэ замын нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж, Эвт-Уул ХХК-ны захирал Э.Түдэвдорж, бусад албаны хүмүүс, тухайн замыг барьж байгуулсан ажилчид, иргэд, олон нийт оролцов.
Энэхүү 793 м авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, үерийн ус зайлуулах шуудуу иж бүрэн байгууламжийг орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалт, авто замын сангийн 986 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эвт-Уул ХХК хийж гүйцэтгэсэн юм. Уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд орон нутгийн 50 гаруй иргэд оролцож, түр ажлын байраар хангагдсан байна.
Тус авто зам ашиглалтанд орсноор иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжирч, 4, 8 дугаар багийн тоосжилт багасч, нийтийн тээвэр явах боломж бүрдэж байгаа ажээ.