Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний наймд шалгарсан шилдэг багуудын хооронд болдог “Супер 8” тэмцээний охидын тоглолт энэ сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө. Манай аймгаас спортын мастер Ч.Эрдэнэбат, спортын дэд мастер Г.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай охидын шигшээ баг амжилттай оролцож, цомын эзэн боллоо.
Шилдэгийн шилдэг багуудын шигшээ тоглолтод Хилчин спорт хорооны охидтой шалгаран үлдэж аваргын төлөө өрсөлдсөн юм. Хоёр шилдэг багийн өрсөлдөөнтэй тоглолт үргэлжилсээр дөрөвдүгээр үеийн төгсгөлд 24:24-өөр тэнцсэн. Гэвч эцсийн мөчид Өвөрхангайн Волейболчид өмнөх тэргүүллээ улам баталгаажуулж 29:27-оор хожиж, тоглолтын харьцааг 3:1 болгон шилдэгийн шилдэг багаар тодорч аваргын алтан цом өргөлөө.
Уг тэмцээнээс спортын мастер Ч.Эрдэнэбат шилдэг дасгалжуулагч, Б.Гантуул шилдэг тэгш тоглогчоор тус тус шалгарлаа.